Хөх тэнгэр нартайгаа усанд нь дурайсан
Хөдөө талын цэнхэр сувд Гүн галуутай
Хос ангир үрсээ дагуулан цэнгэдэг
Хорвоогийн их усны амин тасархай
Мал хүн хоёр дөрвөн улиралд налайн жаргасан
Манант буурал талын минь цэнхэр мэлмий
Их Нацагдоржийн Шувуун Саарал уснаас нь ундаалж
Ижлээ дуудан үүрсэж байсан Гүн галуутай
Намрын шаргал нарны дор униар дунд умбаж
Нансалмаа,Юндэн хоёр сүргийн бэлчээрт дуулж
Сэтгэлийн утсыг түмэндээ хөглөн зүрх жаргаасан
Сэрүүн тал нутаг минь цэнгэлийн дууны өлгий
Газар эхийн мэлмий Галуутайн эрэгт төрсөн ч
Тэнгэрийн зул болсон оддын зүг тэмүүлсэн
Эрин цагийн их дууч Нацагдоржийн маань нутаг
Эцгийн гэрийн хоймор шиг илч дулаан байна.
Гүн нуурын усных нь ганцхан дусал байсан ч гомдохооргүй
Гүйцэд ухаан хайрлаж, найрагч мэндэлсэн өлгий
Гэрийнх нь бууран дээр очихуй онгодын тэнгэр сэргэн
Гэрэл цацарсан найраг нь оддын тэртээ цахилан
Тэнгэрлэг ариун санагддаг нь миний ардын сэтгэл
Тийм хүнийг төрүүлсэн нь ус нутгийнхны бахархал
Огторгуйн зул болсон оддыг бөхсөн гэж дуулаагүй ээ
Онгод найраг хайрласан авьяасыг мөхсөн гэж сонсоогүй ээ
Найргийн ширээний тэргүүн-бичгийн их хүн
Нацагдоржийн гүн ухаан мөнхөд мандах зул
Ш.Дулмаа
No comments:
Post a Comment