Санаж явбал,,,

Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. /Бекон/ Сургааль гэдэг шургааг мод бус зам заах саваа Сургууль гэдэг шургуулганы нүд бус зүг гаргах гэгээ. Эцэг эхээ хайрлах нь сайн сайхны үндэс. Үг дагавал ухаантай болно Үлгэр дагавал цэцэн болно. Сайтад зочилсон танд баярлалаа.

Эрэгцүүлэл

                                   Сарнайн цэцэрлэг /Сургамжит өгүүллэг/

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ.
Сарнайн цэцэрлэг /Сургамжит өгүүллэг/
Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад:- Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал:- Та миний сарнай цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье гэлээ.
Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, үлгэрийн мэт цэцэрлэг байлаа. Эмэгтэй:- Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнай цэцгийг надад аваад ирээч. Хэрэв өмнөхөөсөө илүү сайхан сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно.
Цэцэрлэгт ороод урагшлах алхам бүрт минь өмнөхөөс сайхан цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унагасаар л явлаа. Цаашлах бүр олон өнгөөр алагласан цэцэг улам их гарч ирсээр би шилж авсаар явлаа. Гэтэл төгсгөлд нь хүрэх үед харанхуй булан харагдахад илүү сайхан сарнай байгаа гэж бодсон би авсан тансаг цэцгээ орхиод тэр зүг рүү алхлаа.
Гэтэл тэнд хатаж хорчийн, өнгө зүсээ алдсан, үхэж байгаа сарнай байх нь тэр… Харамсавч баршгүй зүйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хүлэмжиндээ оруулахдаа “Та өмнөх цэцэг илүү сайхан байсан гээд эргээд явж болохгүй” гэж хатуу сануулсан юм.
Тэгээд нөгөө цэцгээ барьсаар эмэгтэй рүү очлоо. Тэр надаас:- Та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ? гэж асуулаа. “Би хамгийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн төгсгөлд хүрэхэд илүү сайхан цэцэг байгаа гээд түүсэн цэцгээ орхиод очтол энэ л байлаа. Эргэж буцья гэтэл нэгэнт оройтсон байлаа” хэмээн тайлбарлалаа.
Тэр надад:- Надад ч бас ийм зүйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч, олон арван сайхан залуу надтай гэрлэх гэж ирдэг байсан ч би илүү сайхныг хүлээн огт зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл хамгийн сүүлд энэ хүнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.
***********************************************************************************

Эрүүлээр сэтгэ. Чөлөөт цаг

Залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүй юм чиньбааранд ордог гэж оюутан бүсгүй зурагтаар ярихад сонсоод уурлаж бичсэн пост
Цаг яаж өнгөрөөе дөө гээд явж байдаг хайран залуу нас. "Тууврын замд" киноны усанд боогдсон хүмүүс шиг хийх ажил байхгүй, явах газар байхгүй байдалд орохыг чөлөөт цаг гэдэг юм болов уу.

Танд цаг байхад байтугай байхгүй байхад цаг гаргах зүйлс бий.

Толгойгоо нэг сайхан амраая гээд бааранд суух, зүгээр суух зэрэг нь толгой амраах нь юу л бол. Тогтонги ус өмхийрдэг гэдэг шүү дээ. Шинэ зүйл бодох, сэтгэх нь таны ирээдүйг өөрчлөх тул ЧӨЛӨӨТ ЦАГ танд байвал БОД, СЭТГЭ, УНШ, ХӨДӨЛМӨРЛӨ

Гэгээрсэн хүн жаргал зовлон, хүсэл, шунал гээд хүний орчлонгийн зүйлсийг мэдрэхээ больдог юм гэнэ лээ. Гэгээрсэн хүн харсан амьд хүн алга. Бас гэгээрсэн амьд хүн ч алга. Бид бүгд гэгээрэх нь юу л бол. Тийм болохоор эхний бодож, сэтгэх, унших, хөдөлмөрлөхөд бүх чөлөөт цагаа битгий зар. Гэгээрсэн бурхан болохгүй хүний амьдарлаар амьдрах тул ЧӨЛӨӨТ ЦАГ танд байвал одоо та туслаж чадах хүмүүст ТУСЛА, ДЭМЖ. НАЙЗ НӨХӨДТЭЙ БОЛ. Таны тус хэрэггүй хүмүүст бүү дольгино.

Найз нөхдийн тус дэмжлэг сайхан. Аав, ээж, ах, дүүгийн тусламж дэмжлэг ч их. Гэхдээ тэд цаанаа амьдралтай. Үргэлж туслаад дэмжээд явна гэж юу л бол. ЧӨЛӨӨТ ЦАГ танд байвал Үхтэл хамт жаргах, зовох ханиа ХАЙРЛА, ЖАРГАА, байхгүй бол ХАЙЖ ОЛ.

Эрүүл бие байхгүй бол их мөнгө, эрдэм мэдлэгээр ч бас яах билээ. Эмийг орлох хөдөлгөөн их бий, харин хөдөлгөөн орлох эм гэж огт байхгүй. Тэрч сайн, энэ ч сайн гээд атга атгаар эм уугаад явдаг баян, бандгар хүн их байх юм. Ирээдүйд та жаргаж явахад эрүүл бие хэрэгтэй тул ЧӨЛӨӨТ ЦАГ танд байвал ХӨДЛӨ, ТОГЛО, АЯЛ, ЗУГААЛ

Эдгээрийг хийгээд дахиад ЧӨЛӨӨТ ЦАГ гаргаад байгаа суут хүн бол ХОББИтай бол. Чөлөөт цагаараа хийдэг ажлыг хобби гэдэг шүү дээ. Бааранд орох, архи уухаас өөр хоббитай бол.

                                                                                                         
                                                                                                                   blogspot-s..............

Сайхан сэтгэл багаддаггүй

Долоохон настай Элла Вудхэд гэдэг америк охин багшийнхаа төлөө 1,6 км газар сэлжээ. Тэрбээр Сан-Франциско хотын "Алтан хаалга" гэдэг гүүрний доогуур сэлсэн байна. Түүний багш хөхний хорт хавдар тусаад сүүлийн үед сургуульдаа ирэхээ больсон юм байна. Иймээс тэр бяцхан охин хүмүүсийн анхаарлыг багшдаа хандуулахын тулд ийнхүү зориглосон гэнэ. Хүмүүс ч охины сайхан сэтгэлийг хүндэтгэн багшид нь хандивлаж байгаа мэдээ байна. Хүний сайхан сэтгэл үнэнхүү багаддаггүй аж. Бяцхан охины энэ чармайлт үүний баталгаа юм. Хор хавдараар аль олон хүн хорвоог орхихдгийг хэлээд барах биш. Тэд өвчин зовлонгоос салахын тулд олон түмнээс мөнгө төгрөг хандивлахыг гуйж хүсэх нь бий. Энэ нь бүтэх ч олигтой үр дүнд бас хүрэхгүй нь ч бий. Харин багшийнхаа төлөө сэтгэл гэрган зүтгэсэн  бяцхан охины хиргүй цагаахан хүсэл хүмүүст хүрсэн байна. Хүн төрөлхтний заяагдмал чанарууудын нэг нь үнэн сэтгэлээсээ хийсэн зүйлд татагддаг. Түүнийг хүмүүс  мэдрэмжээрээ дор нь мэдэрдэг. Тэгээд хар аяндаа л түүнийг дэмжиж эхэлдэгт байдаг. Тэр охин багшийнхаа төлөө сайхан сэтгэл гаргажээ. Мөн шавийгаа хүйтэн усан дундуур цаг гаран сэлэх хүртэл хайрлагдаж чадаж байгаа тэр багш ч бас хоосонгүй л хүн байж таарах байх. "Сайн санааны үр сүү" гэсэн үг байдаг.  Бурхан тэнгэр багш шавь хоёрыг хоёуланг нь ивээх болтугай. 

 "Өдрийн сонин "2011.10.27.   24-р нүүр

Мэдлэг авах тухай мэдлэг өгөх нь

 “...Сүүлийн үеийн хүүхдүүд ер ном уншихгүй юмаа. Миний үед чинь аав ээжээсээ нуугдаад л хөнжил дороо орж байгаад хүжийн гэрэлд л уншдаг байлаа шүү дээ...” гэж өвөө эмээ маань бид нарыг зэмлэдэг. Тийм л дээ, санал нэг байна. Сүүлийн үеийн залуучууд ном уншихаасаа илүүтэй зурагт үзэж, хөгжим сонсон цагийг өнгөрөөх болсон. Гэхдээ юу ширтэж, юу чагнах нь төдий л чухал биш. Харин ямар хэмжээний мэдлэгийг, хэр богино хугацаанд авч байна гэдэг нь л хамгийн чухал. Өөрөөр хэлбэл мэдээлэл авч байгаа суваг гол биш харин сувгаар ирж буй мэдээлэл гол гэсэн санаа. Жишээ нь: Эртний ромын эзэнт гүрний түүхийг судалъя гэвэл энэ талаар бичигдсэн олон олон боть номуудыг уншиж болно. Мөн HBO, BBC сувгуудаар нэг үе гарч байсан Rome олон ангит киног үзэж болно. Дээр нь Rome total war компьютер тоглоомыг ч тоглоход болохгүй зүйл байхгүй. Таны өмнө олон олон сонголтууд байгаа. Хамгийн гол нь таны сонгосон арга танд хамгийн үр дүнтэй, хугацаа хэмнэсэн бас сонирхолтой л байх ёстой. Хэрэв цаг байгаад сонирхолтой санагдвал бүгдийг нь туршиж үзэх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд таны авсан мэдлэг хэзээ ч урагддаггүй цаасан дээр хэрхэвч арилдагүй үзгээр бичсэн мэт сайтар хадгалагдах болно.
Мэдлэгийг олж авна гэдэг нэг өөр хэрэг, авсан мэдлэгээ цэгцлэнэ гэдэг бүр өөр хэрэг. Эмхэлж цэгцлээгүй мэдлэг танд тус болохоосоо илүү ус болно. Хэрэгтэй үед нь хэрэгтэй зүйлээ хэрэглэж чадаж байвал энэ л жинхэнэ мэдлэг бас чадвар. Их мэдлэгтэй ч түүнийгээ хэрэглэж чаддаггүй хүн бол дүүрэн мөнгөтэй сейфний хажууд түлхүүр ч үгүй, эвдлэх багаж ч үгүй үйлээ эдлэн суугаа хулгайч шиг л харагдана. Цэгцгүй, их мэдлэгтэй байснаас цэгцтэй, бага мэдлэгтэй байсан дээр. Тийм бол ядаж л өөртөө гай тариад байхгүй амар. Тэгвэл цэгцтэй мэдлэгийг яаж авдаг вэ? Номоо эхлүүлэхээс өмнө гарчигийг нь дуустал уншдаг хүн цөөхөн байх. Өмнөх үг, удиртгал зэргийг бол нэг нүдээрээ ч хардаггүй. Гэтэл хүний мэдлэгийг цэгцэлж өгдөг хамгийн чухал зүйл бол номын гарчиг, график, схем байдаг. Хүн уншсан бүх зүйлээ үг бүрчлэн санана гэж байхгүй л дээ. Харин ерөнхий схемчлэл, бүдүүвчийг нь ойлгочих юм бол тэгээд л болоод явчихна. Эцсийн эцэст хүн үгийг биш утгыг л уншдаг шүү дээ. Мэдлэг гэдэг их далайд цэгц гэдэг завьгүй бол хөл алдан живж үхнэ. Өөрийгөө хорооно. Тиймээс нэг бол цэгцтэй мэдлэг ав, үгүй бол авсан мэдлэгээ цэгцэл. Таны аялалд амжилт хүсье. “Хувь Хүний Хөгжлийн Цогц Сургалт” хичээлийн хэсгээс
Монголын Лектор Төвийн сургагч багш Ц.Бархас

Цагаан идээ эрүүлжүүлж, тураана

Таргалалтын эсрэг гэхээр манайхан хор ч хамаагүй худалдаж аваад уух юм. Эм тариа,цай, кофе гээд тураадаг гэсэн тодотголтой бүхэн үнэд хүрч байгаа. Тэгвэл уяхан гоолиг биетэй байх хамгийн сайн арга бол цагаан идээ хэрэглэх. Энэ бол батлагдсан үнэн билээ. Ааруул ээзгий цайндаа дэвтээж уудаг хүмүүс байдаг. Ер нь бол дээхнэдээ манайхан бүгд л ингэж уудаг байлаа. Энэ нь цай идээг сайхан амттай болгохоос гадна ходоод гэдсийг гайхалтай цэвэрлэж эрүүлжүүлдэг увидастай. Мөн ийм ундаа байнга хэрэглэхэд цөс өвдөнө гэсэн ойлголт байхгүй. Хоолны дэглэм барьж байгаа хүмүүс зөвлөхөд ааруул хүлхээд байхад өлсөх идэх дур аяндаа буурдаг байна. Ингээд зогсохгүй гэдэс цэвэрлэж өгдөг. Сурагчдын "Үдийн цай"-нд өгдөг үзэмний шүүсний оронд ааруул, ээзгийний шүүс  өгсөн ч болмоор санагддаг юм. Хаана хэзээ тарьсан нь мэдэгдэхгүй элдэв үзэм жимсийг буцалгаж өгч байхаар энэ нь хавьгүй дээр биш үү. Эрүүл мэндэд тустайаас гадна дотоод үйлдвэрлэгчид,хөдөөгийнхнөө дэмжих сайхан боломж шүү.      Д. Оюунтуяа       "Өдрийн сонин 2011.10.12"  24-р нүүр

         Амьдралын үнэ цэнэ - Сургамжит өгүүллэг 

 Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв. Илтгэгч "Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй" гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа. Гэтэл тэр хэлсэн нь: Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэв.