Санаж явбал,,,

Уншсанаараа хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог. /Бекон/ Сургааль гэдэг шургааг мод бус зам заах саваа Сургууль гэдэг шургуулганы нүд бус зүг гаргах гэгээ. Эцэг эхээ хайрлах нь сайн сайхны үндэс. Үг дагавал ухаантай болно Үлгэр дагавал цэцэн болно. Сайтад зочилсон танд баярлалаа.

Угийн бичиг

Ургийн алтан хэлхээний өнгөрсөн, ирээдүйг холбогч нь гэдгээ ухаарсан хүн л амьдралд хариуцлагатай хандаж, зөв амьдрахыг хичээдэг. Ингэж хичээсэн хүний амьдрал үргэлж өөдрөг байдаг. Б.Галаарид


Удам угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил
Удам судраа үл таних нь алдуурч Завхарсан хүүхэд лугаа адил
Угаа танихгүй хүн 
Усаа танихгүй хүнтэй адил
Удмаа мэдэж судраа цуглуул
Угаа санаж өвгөдөө асар 
                           
                                                   Угийн бичиг хөтлөх журам

Нэг. Нийтлэг үндэслэл
       1.1. Соёлын  тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, удам   угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх Монгол Улсын иргэний үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө. 
     1.2. Монгол Улсын иргэн бүр "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар*"-ыг баримтлан өөрийн ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоож, үр удамдаа заавал өвлүүлдэг үүрэг хүлээнэ.
     1.3. Монгол Улсын иргэн бүр угийн бичгээ үндэслэн аливаа хэлбэрийн төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, эрүүл саруул удамтай байхын төлөө тэмцэх явдал нь монгол хүний хөгжилд оруулж байгаа үнэт хувь нэмэр мөн.
     1.4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга  харьяа нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд өрх бүрийг угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг хүлээнэ.
     Хоёр. Овог хэрэглэх
    2.1.  Монгол Улсын иргэн бүхэн өөрийн овогтой байна.
   2.2. Монгол  Улсын  иргэн  өөрийгөө  илэрхийлэх  аливаа  баримт бичигт эцгийн овгийг хэрэглэнэ. Гэр бүл болох тохиолдолд эцэг, эхийн овгийг адил эрхтэйгээр тооцно.
    2.3. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн эцгийн овгийг мэддэг хүмүүс түүнийгээ шууд хэрэглэнэ.
   2.4. Өөрийн эцгийн овгийг мэддэггүй болон бутач, бусдад үрчлэгдсэн хүн эхийн овгийг хэрэглэж болно.
    2.5. Эцэг, эхийнхээ овгийг мэддэггүй хүн дор дурдсанаар   овгоо мэдэж хэрэглэнэ:
а/өөрийн сум, аймгийн болон бусад газрын архивт хадгалагдаж байгаа нутгийн хүн амын бүртгэл, угийн бичиг,  хүмүүсийн намтар зэрэг баримтыг судлах;
_______________
*Энэ загварыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага 
 батална.
      б/уугуул  нутагт  нь  хэрэглэдэг  овгийн  талаар "Овгийн товч намтар"-аас олж тодруулах, тэдгээрээс чухам аль нь өөрийн өвөг дээдсийн болон эцэг, эхийн овог болохыг нутгийн ахмад настан, сайн мэдэх хүнээс лавлан тогтоох;
       в/энэхүү журмын 2.5-ын "а", "б"-д заасны дагуу овгоо тогтоох боломжгүй бол өөрийн уугуул нутагт байдаг овгоос аль нэгийг үзэмжээрээ сонгон авах.
    2.6. Энэхүү журмын 2.5-д заасны дагуу овгоо олж хэрэглэх боломжгүй тохиолдолд дор заасныг үндэслэн зохиомол овог шинээр үүсгэн хэрэглэж болно:
       а/тухайн удмын голлон эрхлэж байсан аж ахуй, онгон шүтээн, тамга, эрхэлдэг ажил үйлс, бусдаас ялгагдах өвөрмөц онцлогийг тусгасан нэр бүхий овог үүсгэх (жишээлбэл: Ямаат Болдын Бат, Анчин Сумъяагийн Энхтуяа гэх мэт);
       б/төрөл садны холбоотой хүмүүс нутагтаа олны дунд алдаршсан цол, хэргэм зэргийг овог болгох;
       в/өөрөө болон өвөг дээдэс нь олон үе нутаглаж ирсэн уугуул газар, уул, усны нэрийг овог болгох (жишээлбэл: Булнайн Доржийн Жав, Сутай Лувсандоржийн Баатархүү, Мэнэн Дашдоржийн Мөнхцэцэг гэх мэт);
        г/монголд ястан, угсаатан, үндэстний гаралтай овог  байдаг уламжлалын дагуу шинээр овог үүсгэх.
    2.7. Зохиомол шинэ овог үүсгэх, эсхүл тухайн нутагт байгаа овгоос өөрөө овгоо сонгосон нөхцөлд төрөл садны холбоотой бүх хүн заавал нэгдмэл байдлаар хэрэглэнэ.
  2.8. Хадамд гарсан эмэгтэй уламжлал ёсоор өөрийн овгийг                                                               хэрэглэнэ.
    2.9. Бутач, өргөмөл, хойд эцэгтэй хүүхдийг төрүүлсэн эцэг   буюу эхийнх нь овгоор овоглоно.
    2.10. Монгол Улсын иргэн нь овог хэрэглэсэнтэй  холбогдуулан иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэр бүлийн бүртгэл, улсын хэмжээний хүн амын тооллого, бүртгэлийн маягт зэрэг баримт бичигт гурван нэр (овог, эцгийн нэр, өөрийн нэр)-ийг хэрэглэнэ.
Гурав. Угийн бичиг хөтлөх
3.1. Монгол Улсын өрх бүр угийн бичиг заавал хөтөлнө.
          3.2. Өрх бүр угийн бичгээ дор дурдсан дарааллаар бичиж хөтөлнө:
        а/өрх бүр эхлээд өөрийн гэр бүлийн бичиглэлээ үйлдэнэ;
             б/өөрийн гэр бүлээс төрсөн хүүхэд, тэдгээрээс удамласан бүх гэр бүлийг хамгийн ахмадаас эхлэн үе удмын буурах дарааллыг баримтлан угийн бичиглэлд хамруулна;
             в/өөрөөсөө дээшхи үе удмын угийн бичиглэлийг нөхөр, эхнэрийн талаар дээш нь салбарлуулан үе удмын өсөх дарааллыг баримтлан мэдэхгүй үе удмаа хүртэл хөтөлнө.
Дөрөв. Угийн зураглал хөтлөх
          4.1. Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр хоорондоо цусан төрлийн холбоотой өөрөөс дээш, доош үе удмын ураг төрлийн хамаатлын тухай угийн бичиглэлийг шалгаж нэгдсэн үнэн зөв бичиглэлийг тогтооно.
          4.2. Нэгдсэн байдлаар тогтоосон угийн бичгээ "Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар"-т тулгуурлан угийн зураглалын хэлбэрт оруулна.
          4.3. Монгол Улсын өрх бүр угийн бичгээ зайлшгүй оруулах мэдээллээр баяжуулан, энэхүү журмын 4.2-т заасан зураглалын хамт хадгалж, үр удамдаа дамжуулан өвлүүлнэ.
                     Тав. Угийн бичгийг баяжуулах, өвлүүлэх, хэрэглэх
          5.1. Монгол Улсын өрх бүр үр хүүхэддээ багаас нь өөрийн гэр бүлийн угийн бичгийг угийн зураглалын хамт таниулан тайлбарлах, зохих мэдлэг олгох үүрэгтэй.
          5.2. Монгол Улсын иргэн угийн бичигтээ тулгуурлан гэр бүлээ сонгох зарчмыг мөрдөж, дараахь зүйлийг онцгой анхаарч хэрэгжүүлнэ:
             а/эцэг (жишээ нь: олхонууд/шарнууд),
         эх (жишээ нь: боржигон/булгадар)-ийн овгуудыг бүрдэхэд аль нэг овог оролцсон хүмүүс хоорондоо үл гэрлэх;
             б/угийн бичгээр өөрөөсөө дээш арван үе удмын доторхи ураг төрлийн хамаатлын хүрээгээ тогтоох боломжгүй нэг сум, багийн уугуул иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах;
             в/өөрийн уугуул сум, багтай хил залгаа зэрэгцээ сум, багийн иргэд хоорондоо гэрлэхгүй байх зарчим баримтлах.   



Монголчууд эрт дээр үеэс айл гэрийг эхнэр нөхөр, гэр бүл амьдрах төдийгүй хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, төр улсын албыг залгуулах чухал орчин гэж үзэж эхнэр, нөхөр болох хүмүүсийн төгс төгөлдөр сайн шинжийг эрхэмлэдэг уламжлалтай. Иймээс ч хүү, охиноо гэрлүүлэн өрх тусгаарлахыг төрийн ёсны эрхэм хүндтэй зүйлд тооцдог ажээ.
Бэр хүргэнийг гэрлүүлэхэд тэр хоёрын хайр сэтгэлтэй эсэхийг анхаарахын зэрэгцээ эцэг, эхийн санал чухал нөлөөтэй байдаг.Эцэг, эх нь бэр, хүргэнээ шинжихдээ удам гарал, хүргэн, бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, галбир царай тэгшийг, ажил хөдөлмөрч, буян заяа арвинг, ёс горим, эрдэм чадвар эзэмшсэнийг, нас сүүдэр, жил зохицохыг долоон шинжээр нь үздэг бөгөөд удам сударт нь буюу өмнөх гурван үед нь хулгай хийж, худал хэлэх, ажил төрөл, ааш зан муутай бол, ялангуяа ужиг муу өвчтэй хүн байвал гэрлүүлэхээс татгалздаг байсан нь удамшлын нөлөөг ойлгож, хос хоёрын төдийгүй, тэдний үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн зүйд нийцсэн ёс юм. Мөн овог дотроо юм уу, эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторх төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний гажигтай төрөхөөс сэргийлдэг байжээ.
Монголчууд "Ураг урагтаа хүндтэй, ургаа мод газартаа хүндтэй"-н учир хусавч үл арилах ясан төрөл, шахавч үл ширгэх цусан төрлөө мэдэхийг үр хүүхдэдээ хичээнгүйлэн захидаг нь үр удмаа эрүүл ариун байлгах шаардлагын зэрэгцээ, төрөл садан ахан дүүсээ сайн мэдэж хүндэтгэн, дотносох, бие биенээ тэтгэн тусалж байх амьдралын хэрэгцээтэй холбоотой юм.Эцгийн талыг ясан төрөл, эхийн талыг цусан (юм уу махан) төрөл гэж үздэг бөгөөд өөрөөсөө өмнөх, хойтох долоон үеийг үр хүүхдэдээ сайн мэдүүлж, нэрлэж сургадаг. Тухайлбал: өөрөөсөө дээш эцэг, өвөг эцэг, өндөр эцэг, элэнц эцэг, элэнц өвөг, хуланц, хуланц өвөг гэх буюу өөрөөсөө доош хүү, ач, гуч, жич, дөч, тач, жилийх, талийх гэж долоон үеэ мэддэг байх учиртай.Төрөл саднаа хэд дэх үе болохыг ямар ч үед самуурч будилалгүй мэдэж, тоолох амар хялбар аргыг монгол түмэн үр хүүхдэдээ зааж өгдөг байв. Ингэхдээ өөрийгөө цээжин биеэр төлөөлүүлэн түүнээс гадагш хөл, гарын үзүүр хүртэлх мөч бүрийг нэг нэг үед хамааруулан долоон үе тоолж, ямар овогтны хэд дэх үе дээрээ явааг хэлэхээс гадна, долоон үе мултарсан бол хоорондоо гэрлэж болно гэж зааж өгдөг байв.Хүүгийн хүүхдийг ач, охины хүүхдийг зээ, аавын талын төрөл саданг авга, эхийн талыг нагац гэх бөгөөд хүүхэд үрчлэхдээ өөрийн овог буюу авга үеэл талаас авахыг эрхэмлэдэг байжээ.

Аавын талыг нэрлэх гурван нэр байдаг. Үүнд:

1. Авга гэдэг нь аавын талын бүх ах, эгч, дүү нарыг
2. Үеэл нь эцэг нэгтэй ах, дүү нарын хүүхдийг
3. Хаяал нь үеэлийн хүүхдүүдийг авгайлан нэрлэх болно.

Эхийн талыг нэрлэх, тус бүрдээ утга салаалсан гурван нэр бий. Үүнд:
1. Нагац нь ээжийнхээ аав, ээжийн нагац аав, нагац ээжээс өгсүүлээд бүх ах, эгч, дүү нарыг нь авгайлах нэр юм.

2. Бүл нь эх нэгтэй эгч, дүү эмэгтэйчүүдийн хүүхдүүд. Тэр хоорондоо бүл бөгөөд бүлийн хүүхдүүдийг бүлээн, бүлээний хүүхдүүдийг бүлэнцэр гэх
3. Хүү, охин хоёроо гэрлүүлсэн айлууд хоорондоо худ болдог бөгөөд худ ураг барилдсан айлын эзэд (эрэгтэйчүүд) бие биенээ худ, эмэгтэйчүүд нь худгуй гэж нэрлэнэ.
Харин гэрлэгсэд эхнэр нь юм уу, нөхрийнхөө аав ээжийг хадам аав, хадам ээж гэж дуудах ба өөрсдөө бол хадам талдаа бэр, хүргэн болдог.Монголчуудын угийн бичиг, гэрийн түүхийг үе дамжуулан хөтөлж ирсэн нь өвөг дээдэс төрөл саднаа мэдэх, түүний тогтолцоог хойч үедээ өвлүүлэн мэдүүлэх нэг арга болж байв. Гэрийн түүхийг үйлдэх арга маш нарийн журамтай. Зөвхөн хөвгүүдийн нэрийг түүнд бичдэг. Охид өөрийн удамд бичигдэхгүй үлддэг.
                                                                        www. touristinfocenter.mn-s